Saturday, December 11, 2010

Н.НАГААНБУУ: МӨНХ ТЭНГЭРИЙН ТАХИЛГАА ТОВЛОЖ, “ИХ ЗАСАГ”-ИЙН ЗАЛЛАГА ҮЙЛДЭЦГЭЭЕ.

XIII зууны, тухайлбал 1206 оны түүхэн их үйл явдал нэгдсэн Монгол гүрнийг тунхагласан тулгар төрийн их хурилдайн гол итгэл нь “Мөнх тэнгэрийн хүч”-ний үзэл санаа байлаа. Энэ нь бөө мөргөлийн ихэд цэгцэрсэн номлол “Тэнгэр эцэг”, “Тэнгэр-төр үзэл”, “Тэнгэр-үүсгэгч” онолын гол загвар юм. Иймээс төрийн есөн гөхөлт цагаан тугны байрлал нь хүрд (орчлонгийн хөдөлгөөн), хар тугны буулт нь хас (орчих ихсэх эргэлт) бөгөөд тэнгэрийн соёрхолтой гэсэн домогтой байдаг. Чингис хааны ганц шүтээн нь “Мөнх тэнгэрийн хүч”, ертөнцийн жам ёсны “анх-энх-мөнх” билэг бөгөөд түүнийг “хааны суу” жолоодон “харцын заль” түшдэгийг илэрхийлж, хүний нийгмийн мөн чанарыг илтгэжээ. “Мөнх тэнгэрийн хүч” бол шүтлэг, мөргөл, бишрэл мөн боловч мухар сүсэг, хоосон итгэл биш шинжээч эрдмээр дохио чанарыг нь тодлосон “төр” болно. Түүнийг Лев Гумилёв “пассионари” гэж нэрлэсэн бол, Ш.Бира “Тэнгэризм” хэмээх аугаа их оюун эрдэм хэмээн томьёолж, Б.Бат-Очир гадаад чанараар нь “Чингисизм” гэж таамагласан байдаг. “Мөнх тэнгэрийн хүч” судлал болтлоо ийн идэвхжиж, “Мөнх тэнгэр” олон улсын академи байгуулагдлаа. Энэ нь монголчуудын шинж тэмдэг дохионы онолын эртний нээлт болохыг “Эрхт тэнгэрийн ивээлээр”, “Эцэг тэнгэрийн хүчээр”, “Тэнгэр ятгаж”, “Тэнгэрийн дохио бэлгэс”, “Тэнгэрт андлах”, “Тэнгэрт есөнтөө мөргөв”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” гэх мэтээр бишрэн ангилж өгүүлснийг “Монголын нууц товчоо” болон бусад сурвалж бичгүүдэд тэмдэглэсэн байдаг.
Эдүгээ “Мөнх тэнгэрийн хүч” хэмээн хүн бүр хэлэх, бичих болсон ч чухам учир холбогдлыг мэдэхгүй төвгүй болжээ. Ийнхүү үзэмж таамгаар явцууруулах, шашинчлан хий бие хийсгэлэн дүрээр домогшуулж хэлбэрдэх, бүх л түүхэн явдлыг мөнх тэнгэр лүү чихэн агуулгажуулах зэргээр өөр, өөрийн үнэлэмж, үзэмж, бодомжоор төсөөлөх нь самуурал хэмээн дүгнэхэд хүргэхээр байна.


Зүй нь мөнх тэнгэрийн хүч бол монголчуудын үндэсний сэтгэлгээ, хүч чадлын охь эрдэм, бөгөөд түүнийгээ тэмдгийн соёлоор “нар-сар-гал” голомт мөнхөд бадрах утгаар илэрхийлж, дохионы эрдмээр “төр” хэмээн барилдуулсан өвийг сахих нь чухал юм. Мөнх тэнгэрийн хүчинд (төрд) хандан тахилга үйлдэх нь “нар-сар-гал” голомтын шүтээнтэй монголчуудын тухайд тэнгэр язгуурт хаад, ихэс дээдсийн сүнс (бодлого) өвийг сахин шүтээн болгосон хэрэг. Төрийн сүлд өршөө, Хөх тэнгэр минь, Тэнгэр үзэг гэх өдөр тутмын шүтлэг бишрэл нь тэнгэр-төрөө бурханчлан шүтсэний нотолгоо даруй мөн. Илэрхийлэх хэлбэр нь мөнх тэнгэр (дээр хөхрөгч), тэнгэрлэг төрөө магтах, бахдах, хайрлах, хамгаалах, хадгалах, сацал дээжээ өргөх, ариунаа зориулах, амиа золих, өглөг даатгал, өчиг ерөөл дууллаа өргөх, ивээл ачийг нь хүсэх, хүрээлэх, хурайлах, уухайлах, зээхүйлэх зэрэг олныг тоочиж болмуй.


Төрөө дээдлэх үзэл санаа хомсдож, харьшиж, үндэсний үзэл, ухамсар даяаршиж байгаа өнөө үед тусгаар тогтнол, дангааршлаа хадгалах арга зам Чингис хааны ганц гэрээс “Мөнх тэнгэр-мэргэн төр” болох нь тодорхой. Энэ тахилга, бишрэлийг сэргээн мандуулахад уртын дуу, “Монголын нууц товчоо”, морин хуур, сур харваа зэргийг дээдлэхээсээ илүү “Мөнх тэнгэрийн тахилга”-ыг эрхэмлэх нь ач холбогдолтой. Учир нь эдгээр зүйлс нь мөнх тэнгэрийн тахилгын чухал бүрэлдэхүүн хэсэг байдагт оршино. Өнөө цагт эмэгтэй хүн бүр цагаан сүү, цайны дээжээ, эр хүн бүр сархад идээний зоригоо мөнх тэнгэр, энх төрдөө үргэлж эс ч өргөж байх заншил ёсонд сурах нь шашны бус бодит шинж чанартай болно.

Үүний тулд:
• Нар-сар-гал” нэн эртний шүтээн (тэмдгийн соёл)-ийг хүндэтгэн тухайлах (Соёмбо, 1679 онд бүтээгдсэн. Самгарьд (санскрит) Э.Бам үсэг орчуулбал “өөрөө тодорсон” гэсэн утга язгууртай)
• Төрийн дуулал аялгууг эгшиглүүлэх (уртын айзам дуу, морин хуур)
• Төрийн тугаа хүндэтгэн тахиж, ихэс сайдуудын мөргөлтэй байх
• Төрийн найман бэлгэдэлд айлтгал өчих, андгай өргөж байх
• Иргэн бүр Их засаг (ёс)-ийг дээдлэн төр шүтээнээ бахархах, ёс заншлаа дээдлэх (бүх ёс, зан үйл энд зангилагддаг)


Мөнх тэнгэр-энх төрийн тахилгын тогтсон газар, өдөртэй болж, их хаадын газар, Бурхан халдунд хандсан зүглэ тайлга хийдэг төрийн ёсыг удамлан өвлөх зэрэг болно. Зүглэ тайлга гэдэг нь холоос зүглүүлж тахих ёс бөгөөд Сонгинохайрханд сархдын дээжээ завдан өргөдөг, ээж хүн алс явсан үрийнхээ араас сүүгээ өргөдөг шиг ёс болохоос “зүхэл” тайлга гэж байдаггүй. Буруу ойлголтоор ихсийн газар зүхэл тайлга хийдэг хэмээн ухаж яавч эс болох. Уг зүглэ тахилгыг хаан ордны орчмын жич сонгосон газарт чуулж Бурхан халдун, хаад ихсийн газар, тэдний сүнс оршсон Чин-Ихэс тэнгэрт ерөөл даатгал өргөдөг явдал юм. Энэ тухай “Монголын нууц товчоо”-нд ихсийн зүглэ тахилгыг Амбахай хааны өргөө орчим (Урбай Сохадай хатдын ойр) хийж байгааг дурдсан нь бий.


Төрийн орд Улаанбаатар хотод төвлөсөн энэ үед Хан хэнтий хаад ихсийн газрыг зүглэн тахих хамгийн зөв газарт Налайхын зүүн хойхно орших Чингис уул, Толуйн голомт нутаг Тулгат гацаа нэртэй байгааг социализмын үед Х.Сампилдэндэв академич “Чингис хааны домог оршвой” номд, мөн академич Ч.Далай “Толуйн голомт нутаг Тулгат тахилгын төв” өгүүлэл зэрэг сэжүүр судалгаанууд бий. Ер нь Бурхан халдун дээр хэн хүн гарч тахих, ихсийн газар (хүүрийн) очиж тахилга ёслох үйлдэл ер байгаагүй маш цээртэй хориг юм. Иймд ҮIII Богд Жавзундамба Бурхан халдунд дөхөөд эл учрыг айлтган дээш гараагүй хууч байдаг билээ. Нөгөө талаар Отгон тэнгэр, Дарьганга, Хан уул зэргийг ч хүн бүр дээр нь гарч талхлаж тахидаггүй учрыг дашрамд дурдая.


Иймд домогт Чингис уул, Тулгат гацаа орчимд мөнх тэнгэрийн тахилгыг зүглэн хийж хэвшүүлэхийг эл их ойн үеэс сэдэвлэн эхлүүлэх явдал ач холбогдолтой том арга хэмжээ болж түүхэнд үлдэнэ. Уг тахилгыг зөвхөн ихэс сайдууд ёсолж, энгийн олон холоос хурайлдгаараа онцлог. Зуны нуурын тахилга нь төрд гавьяалан зүтгэгсдийг хөхүүлэн шагнаж, эртний хаад, баатруудыг дуудан уламжилдаг, тасмын тахилга нь Чингис хааны төрсөн хүй өдрийг мялаадаг, уулын тахилга нь байгалийн зэрэг өвөрмөцтэй билээ. Энэ тахилгыг хийх нь их ойн амин чухал төв ү йл болно.


Мөн төрт ёсны баталгаа “Их засаг”-ийг онцгойлон дээдлэх явдал хоцорч буйг олны сонорт дэвш үү лм ү й. 1206 онд Их Монгол улсыг тунхаглаж, төр тогтоосны хамгийн чухал тэмдэг нь “Их засаг” бичмэл цааз (хууль) мөн. Эдүгээ тэр хуулийн эх нь “Монголын нууц товчоо”-ны адил уламжлагдааг үй ч олон сурвалж эшээс багцаалж гаргасан тойм эхтэй билээ. Өвөрмонголын Сайшаал, Тайваний Ли Цзе Фэн, Оросын В.Рязановский нар ерөнхий тоймыг нь гаргаж, Монголын 20 шахам эрдэмтэд зүтгэлээ зориулсан уг бүтээлийг залах ажил орхигдож байна. Энэ ойгоор 1228 онд зохиогдсон “Монголын нууц товчоо”-ноос ил үү тэйгээр 1206 оны “Их засаг”-ийг залах явдлыг чухалчлах ёстой. 1206 онд Их хурилдай хуралдсан тул хууль тогтоогч өнөөгийн УИХ ч 800 жилийн ойгоо ёслох л ёстой.
“Монголын нууц товчоо”-ноос тэрг үү нд “Их засаг” хуулийг ахлуулж залах, төрийн тахилгыг энэ их үйлийн тул Чингис уул, Тулгат гацаанд ёслох нь төвөө олсон үйл болохсон.


Мөнх тэнгэрийн тахилгаа товлож,
“Их засаг”-ийн заллага үйлдэцгээе.


Зохиогч: Түүхч, зохиолч Н. Нагаанбуу: “Мөнх тэнгэрийн тахилга, Их засгийн заллага” /Н.Нагаанбуу бол Мөнх тэнгэр судлалын дэлхийн академийн эрдмийн зөвлөлийн гишүүд бөгөөд хүндэт доктор юм/

No comments:

Post a Comment